Монголчууд нэг жилийг хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улиралтай. Улирал тус бүр өөрийн гэсэн эргэлт заавал болж, цаг агаарын бодит үзэгдлийг нарийн тодорхойлж ажил амьдралаа зохицуулж ирсэн. Ханш нээх гэдэг нь хавар хэмээх их улирал. Энэ нь бүлгийн тооллын хаврын дунд үед аргын тооллын жил бүрийн дөрөвдүгээр сарын 5 эсвэл 6-нд таардаг юм байна.
Ханш гэдэг ээлтэй сайн гэсэн утгатай. Энэ улирал эхлэхэд огторгуйн тоос арилан цэлмэж, солонго татан, морин хараацай шувуу ирнэ. Амьд байгаль сэрж, хорхой шавьж, хөдөлж, ичсэн тарвага, зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ. Бургас гөлөглөж эхэлдэг. Ханш нээх өдөр ямар ч хүйтэн байлаа гэсэн булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйнэ. Малчид адууныхаа дэлийг засаж, үрээгээ өнгөлдөг. Мөн малынхаа хашаа саравчийг янзлан ямаагаа самнана. Сор ноолуур нь хөдөлсөн байдаг тул үүнээс хойш үслэг ан агнахыг цээрлэдэг байжээ. Ханш нээгдвэл тариа ногооны газраа бордох, мод тарих цаг ирлээ гэж үздэг юм байна.