“Нохойн орон”, ‘Талын хот” зэрэг кинонуудыг бүтээж, олон улсын кино наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, мөн “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кино зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, кино найруулагч Д.Төрмөнх одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай “Миний мэдэх Женко” намтарчилсан хөрөг ном туурвисныг бид бүхэн мэдэх билээ.
Тэрээр энэхүү номынхоо талаар “Магадгүй би түүний тухай хамгийн сайн мэдэх сэтгүүлчдийн нэг ч байж мэднэ. Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа юм бэ.
Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ” хэмээн бичиж байсан юм.
Тэгвэл “Миний мэдэх Женко Баттулга” номыг Оросын Монгол судлаач Юрий Николаевич Кручкины орчуулгаар ОХУ-ын “Победитель” сангийн тэргүүн Игорь Сеченовын санаачилга, тус сангийн хөрөнгөөр ОХУ-д өнгөрсөн сарын 31-нд хэвлэн гаргажээ. Номын дээж эхний 500 хувийг Кремль рүү илгээх бөгөөд орос хэлээр хэвлэгдсэн уг ном энэ долоо хоногт багтан Монголд ирэх юм байна.