Жил бүрийн хавар махны үнийг хөөрөгдөхгүй, иргэдэд хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд ч урьдын адил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр нөөцийн мах худалдаанд гаргахаар ХХААХҮЯ бэлтгэжээ.
Мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталсан.Энэ хүрээнд мах үйлдвэрлэгч компаниуд арилжааны банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэсэн байдаг. Монгол улсын хэмжээнд нийт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 123 үйлдвэр, цех байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 нь үйл ажиллагаа явуулж байгаа.
Энэ жил 33 үйлдвэр мах нөөцлөх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Үүнээс шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуйн нэгжийг сонгосон байна. Аж ахуйн нэгжүүд одоогоор нийт 12,8 мянган тонн махны нөөц бүрдүүлээд байгаа аж.