Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багт энэ сарын 14-ний өдөр гарсан түймэр газар авсаар Цагаан үүр сумын нутаг руу оржээ. Анх түймэр гарсан тухай дуудлагыг 15-ны 20:13 цагт хүлээн авсан юм. 18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Байгаль орчны газрын ойн албаны даргаар ахлуулсан Эрдэнэбулган сумын 90 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 196 хүн, 15 автомашин, 8 мотоцикль, 47 морьтой ажиллаж түймрийн баруун, зүүн урд талыг унтраасан бөгөөд, хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байна.
Мөн Завхан аймгийн Цагаанчулуут сумаас хойш 35 км зайтай Чавцаг багийн “Сонгино” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг өчигдөр 16:02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаанчулуут сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 14 иргэн, түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурманд оруулаад байгаа юм байна.
Хуурайшилт ихтэй хаврын эдгээр өдрүүдэд иргэд бүх нийтээр гал түймрээс сэргийлж, дор бүрнээ анхааралтай, хариуцлагатай байхыг уриалж байна.