Т.Цогт хэмээх 16 настай хүү дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүний цогцсыг өнөөдөр олжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Хүүгийн цогцсыг Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон. Урьдчилсан байдлаар хүүг осгож нас барсан гэж таамаглаж байна” хэмээн жиргэжээ.
Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм. Гэвч хүүгийн сураг өнөөг хүртэл гараагүй байсан юм. Хүү бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг юм. Т.Цогт хүү автобусаар зугаалах дуртай байсан бөгөөд ихэнхдээ Ханын материал-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд сууж явдаг байж.