Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай сар шинийн баяраар олгодог \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ\” шагналын тухай ярилцлаа.
– Сар шинийн баяраар олгодог \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ\” шагналын тухай мэдээлэл өгнө үү.
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын жил солигдохын өмнө \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уламжлалтай.
– Энэ шагналыг үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжсэн, урам зориг өгсөн шагнал гэж үнэлдэг. Өмнө нь уг шагналыг ямар бүтээн байгуулалтууд хүртэж байсан бэ?
– \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн Гэрэгэ”-г 2011 онд \”Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Британника нэвтэрхий толь, 2012 онд Үндэсний \”Энержи Ресурс” компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт, 2014 онд \”Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн \”Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээгээд байна. Уг бүтээн байгуулалтуудыг улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ хандлага, дэвшил авчирсан гэж үзэж энэхүү шагналыг хүртээсэн юм.
– \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ\” шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах үйл явц яаж явдаг вэ?
– \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй. Тус байгууллага, иргэд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх ёстой. Ирүүлсэн бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг авч хэлэлцэн шалгаруулалтад оруулна. Өнгөрсөн жилээс урьдчилсан шалгаруулалтад санал өгөх эрхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний бүтээмжийн төв, Өрсөлдөх чадварын төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн экспертүүдэд өгдөг болсон. Нэр дэвшсэн, шалгарсан бүтээн байгуулалтыг сар шинийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
– Журамд шагнал гардуулах ёслолын талаар тусгайлан заасан байдаг. Энэ тухай?
– Шагналын цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр гардуулдаг уламжлал тогтсон. Шагналыг хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол одон медалиар шагнаж болно гэж холбогдох журамд заасан. Холбогдох журмыг www.president.mn цахим хуудаснаас үзэж болно.
– Төрийн шагналын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Та хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. \”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ\” шагнал хуулийн төсөлд хэрхэн туссан бэ?
– Тийм ээ. Төрийн шагналын тогтолцоог Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн тодорхой болгох, цэгцлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд Төрийн дээд шагнал, Бүтээл, бүтээн байгуулалтад олгох төрийн дээд шагнал, Төрийн байгууллагын шагнал гэсэн шагналын ангилал бий. Бүтээл, бүтээн байгуулалтад олгох төрийн дээд шагнал ангилалд Төрийн соёрхол, Төрийн гэрэгэ хоёр багтаж байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бий болгож, бүтээлч сэтгэлгээ, бүтээгч хүчин, бүтээн байгуулалтыг дэмжиж буй энэ шагнал хуулиар баталгаажна.
Эх сурвалж: president.mn