Төрийн орон сууц корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Харин прокуророос хянаж дуусаад, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж хэлсэн юм. Өнөөдөр А.Гантулга нарын таван хүнд холбогдох шүүх хурал 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн бөгөөд хурал одоо ч үргэлжилж байна.
А.Гантулгыг “Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татсан юм. “Үндсэний барилга консорциум” ХХК-тай 2013 онд хөрөнгө орлуулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэдэг. Харин нөгөө консорциум нь гэрээ байгуулсан хэдий ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байдаг.