Дэлхийн өнцөг булан бүрт Монголынхоо нэрийг эерэгээр гаргаж яваа манай олон залуу үеийн төлөөллүүд бий. Тэдний нэг болсон О.Оюунцэцэг Австралийн томоохонд тооцогдох мэдээллийн технологийн “RackCorp” компанид амжилттай ажиллаж яваа билээ. Түүний хувьд тус компанид олон нийттэй харилцах албанд PR менежерээр ажиллаж байсан бол өчигдөр тушаал дэвшжээ. Энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа. Тэрээр “Өнөөдрөөс тушаал дэвшин Австралийн хамгийн том IT компани RackCorp -ийн PR Захирлын албан тушаалд албан ёсоор томилогдлоо. Хамт олон, гэр бүлийнхэндээ талархъя. Нэрний минь урд Аавын минь нэр, Монгол улс минь хамт дуудагддаг тул илүү, бүр илүү хичээнэ ээ. #ҮүрэгХариуцлага” хэмээн баярт мэдээгээ түгээжээ.
О.Оюунцэцэг бол Австралийн компанид ажиллахын зэрэгцээ өөрийн “OOGII” хэмээх брэндийг жилийн өмнөөс бий болгож, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнхийг үйлдвэрлэн гаргаж эхэлсэн хөдөлмөрч нэгэн бөгөөд түүнийг зарим нь сэтгүүлч гэдгээр нь илүү мэддэг. Түүний брэндийн хувьд өндөр өсгийт, цүнх, утасны гэр зэргийг могой болон матар, үхрийн арьсаар хийдэг онцлогтой.