Нийслэлийн болон нутгийн эрүүл мэндийн салбарынхан маргааш жагсаал хийнэ. Тэд Засгийн газарт тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол Олон улсын сувилагчдын өдөр буюу тавдугаар сарын 12-нд баярлахгүй, ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм.
Улсын хэмжээнд 17 мянган сувилагч байдаг бөгөөд, дийлэнх нь 300-400 мянган төгрөгийн цалинтай ч цалингийн зээл, өрнөөс өрний хооронд амьдарч байна гэжээ. Түүнчлэн эмнэлэг бүрт сувилагчийн орон тоо дутуугаас гурваас дөрвөн сувилагчийн ажил нэг л сувилагч дээр төвлөрдөг хэмээн мэдэгдэж буй юм. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ “ҮЭ-ийн тэмцэл хөдөлгөөн төдийгүй өдөр тутмын ажил нь ч Монгол улс, олон улсад хангалттай эрх зүйгээр хангагдсан, хамгаалагдсан байдаг. Бид Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хандах улмаар дэмжлэг авах эрхтэй. Бидний тэмцлийг Олон улсын мэргэжил нэгтнүүд маань дэмжиж байгаа. Бидэнд тооцоо судалгаа байгаа, тууштай тэмцэнэ. Хөдөлмөрөө зохистой үнэлүүлэхийн төлөө хамтдаа илүү хүчтэй тэмцэхийг уриалж байна” гэжээ.