Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхэлж, дарамт шахалт үзүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна. Энэ талаар ТЕГ-ын цахим хуудсанд “ТЕГ-ын нэр барьж бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна” хэмээжээ. Энэ талаар албаны хүмүүсээс лавлахад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй зүйл одоогоор алга. Зөрчлийн хэрэг нээн шалгаж байж болзошгүй гэсэн юм. ТЕГ-аас “Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг сэжигтэй үйлдлийн хохирогч болсон хүмүүс байвал тус газрын 51-263017, 51-264017 дугаарын утсаар мэдэгдээрэй” хэмээн сануулжээ.
Зөрчлийн хуулийн 15.21 дүгээр зүйлд улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах нь зөрчил гэж хуульчилсан бөгөөд түүний гуравт “Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, дөрөв дэх хэсэгт “Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.