Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт хийх айлчлалынхаа хүрээнд Увс аймагт ажлын айлчлал хийжээ. Тус аймаг нь Монгол улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны нутаг гэдгээрээ онцлогтойгоос гадна үе үеийн төрийн тэргүүн нар тус Увс аймагт ирэхдээ аймгийн төвд байрлах Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай ажээ.
Харин төрийн тэргүүн Увс аймаг дахь анхны айлчлалаараа уг хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүйд нутгийн болон орон нутгийн удирдлагуудыг бухимдуулсан гэх мэдээлэл байна. Айлчлалын хүрээнд аймгийн ЗДТГ-аас цэцэг өргөх ажлыг төлөвлөн шаардлагатай зүйлсийг бэлдсэн байсан ч Ерөнхийлөгчийн тамгийн газраас өөр хөтөлбөр ирж, тус хөшөөнд цэцэг өргөх хөтөлбөр байхгүй хэмээн мэдэгджээ. Гэхдээ энэхүү үйлдлийг намын үзэл суртлын нөлөө гэж зарим хүмүүс тайлбарлаж байгаа бөгөөд мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн өмнө нь бичиж байсан жиргээтэй ч холбож тайлбарлаж байгаа гэнэ.