Архангай аймгийн Хотонт сум дамнасан голомт (Хотонт, Өгийнуур), Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан.
Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тус суманд дөрөвдүгээр сарын 25-наас хойш өвчлөл нэмэгдээгүй аж. Одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр шүлхий өвчнөөс сэргийлэх хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад буй бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж буй юм байна.