Өнгөрсөн лхагва гаригийн 16:04 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн газарт “Мөрөн сумын есдүгээр багийн засмал замын төгсгөл дэх цахилгааны өндөр хүчдэлийн шон дээр үл таних эмэгтэй хүн гараад амиа хорлоно гэж орилж хашгираад байна” гэх дуудлага иржээ. Энэхүү дуудлагын дагуу тус сумын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганболд, цагдаагийн дэд ахлагч Д.Пүрэвдорж, цагдаагийн ахлагч Д.Бямбабаяр, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа нар газар дээр нь очиж, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагчидтай хамтран ажиллажээ. Энэ үеэр цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа тус иргэнтэй ярилцлага хийж тайвшруулан, өндөр хүчдэлийн шонгоос буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гуч гаруй настай уг эмэгтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд “Шүүхээс гарсан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо тогтой утас барина, эсвэл эндээс үсэрнэ” гэж хэлж байжээ. Уг эмэгтэй яг ямар асуудалд холбогдон шалгагдаж, улмаар шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай мэдээлэл байхгүй байгаа аж.