Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаярт гомдсон бололтой. Тэрээр намын даргынхаа шаардсанаар мөнгө өгч, улмаар дараагийнхаа мөнгийг О.Даваасүрэн гэх хүнээс авснаа илчлэн захидал бичсэн нь олны анхаарлыг татав. Г.Шийлэгдамбын ил захидал МАХН-ынханд багагүй чирэгдэл учруулж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тэд өнгөрсөн амралтын өдөр нам дотроо дээрх захидалтай холбоотой асуудлаар хуралдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж, ерөнхий нягтлан бодогч Ц-г баривчилжээ. Улмаар түүнээс байцаалт авч, шөнө сулласан гэх мэдээлэл ч байна. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь Г.Шийлэгдамбын захидалтай холбоотой бололтой.
Дээрх захидалтай зэрэгцэн тус намын нарийн бичгийн дарга нар солигджээ. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилсон байна. Түүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, Шадар сайдын асуудлаар санал солилцсон мэдээллийг эх сурвалж өгөв.
Н.Энхбаяр ч үүнийг батлах мэт өнгөрсөн сарын сүүлээр өгсөн ярилцлагадаа \”Шадар сайдын суудлаас татгалзахгүй” гэдгээ мэдэгдсэн юм.