Фракци, бүлэглэлүүдийнх нь тэмцэл ширүүсч, үр дүнд нь засаг, төрийн тогтвортой үйл ажиллагааг ганхуулж, доройтуулж байгаагийн гол буруутан бол АН. Тэд жил гаруйн өмнө намын дарга Н.Алтанхуягийнхаа тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг түлхэн унагааж, улмаар арай зөөлөн \”боорцог” болох Ч.Сайханбилэгийг Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр томилсон билээ. Гэвч хэл амаа эв дүйтэй ололцож чадсангүй. Яваандаа хүчрэгдэхгүй болж мэднэ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг эртнээс санаархлаа хэмээн \”Женко” Х.Баттулгыг хэн ч биш болгох жүжгийг найруулан тавьсан боловч Засгийн газар, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг зарим нэг гишүүд, МАН тавьж тэвдүүлэнгүүт УИХ-ын гишүүн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракци тэдэнтэй хамт нэгдэж мэднэ гэж айгаад Х.Баттулгын асуудлыг түр хойш тавихаар шийдсэн бололтой.
Засаг, төр ганхаад эхэлсэн тул олон нийтийн анхаарлыг чиглүүлэх өөр нэг бай олох хэрэгтэй болсон нь хөөрхий муу \”Босоо” С.Ганбаатар гишүүн болж таарав. Цагтаа Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж, долоон их, дээд сургуульд суралцсан гэж ярьдаг байсан С.Ганбаатарыг сургууль соёл дүүргээгүй амьтан болгож хувирган хэн ч биш болгох ажиллагааг эхлүүлсэн юм. С.Ганбаатар бол үнэхээр сүйхээтэй залуу. Тиймдээ ч мань хүн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос зохион байгуулдаг \”Алтан сарнай” наадмын шилдгийн шилдгээр шалгарч чадаж байсан гэдэг. Тэр үед түүнийг МАН-д элсэх нь гэсэн яриа гарч байсан юм. Түүнд шагналыг нь МАН-ын дарга Сү.Батболд өөрийн биеэр гардуулан өгч байлаа.
2012 оны УИХ-ын сонгуулиар С.Ганбаатар Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж 53.79 хувийн санал авч Монголдоо л үнэмлэхүй ялалт байгуулж байв. Тэр жил \”Сант Марал” төвөөс явуулсан судалгаагаар мань хүн Монголын топ улс төрчдийн гуравдугаарт жагсаж байсан билээ. С.Ганбаатарын туйлын хүсэл бол Ерөнхийлөгч болох явдал. Тиймдээ ч мань хүн парламентад суудалтай намын гишүүн болсноор Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой гэдгээ нарийн тооцоолсноор эрч хүчтэй, чадалтай залуусын байгуулсан ХҮН-д элсэж, улмаар намын даргынх нь суудалд заларч чадсан сүйхээтэй нэгэн. С.Ганбаатар хэзээ ч Ерөнхийлөгч болох бодлоосоо ухрахгүй болов уу. Тэгэхээр мань хүн ирэх жил мөн л сургууль соёл дүүргээгүй гэгддэг Х.Баттулгатай хамт нэр дэвшин өрсөлдөх магадлал тун өндөр хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: \”Маш Нууц\” сонин