УИХ-ын гишүүн, Монгол Улсын
Шадар сайд Ц.Оюунбаатар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл
хийв. Гэвч хэвлэлийнхэнд улс орны
өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа нь нэг их сонин байсангүй. Харин
Шадар сайд Ц.Оюунбаатараас \”цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон Г.Шийлэгдамбын
ярьсантай холбоотой асуудлыг ихэд сонирхож, түүнээс тодруулга авлаа.
-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба таны бэлтгэсэн албан бичиг дээр
гарын үсэг зурсан хэмээн тайлбар өгөөд байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
– Би ямар ч цаас, бланкин дээр
гарын үсэг зуруулаагүй. Тийм боломж, цаг
хугацаа ч байгаагүй. Г.Шийлэгдамбыг
байцаалт өгөх гээд АТГ-т ирэхэд нь ажил хэргийн журмаар уулзсан. Тэр гарын үсэг
зурсан, өргөдөл, хүсэлт гаргасан асуудал миний уулзснаас хойшхи асуудал юм.
-Г.Шийлэгдамба
намдаа хандив цуглуулж байгаад баривчлагдсан. Гэтэл хувьдаа зээл авсан мэтээр
гарын үсэг зуруулсан гээд байгаа. Таны хувьд хандив цуглуулдаг уу. МАХН-д
хандив цуглуулах шаардлагатай хэчнээн албан тушаалтан байна вэ?
-Намын сан хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү
мөнгөний асуудалд би хэзээ ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.
Аль нэг намын улс төрийн санхүүжилтын тухай энд ярих зохисгүй. Миний хувьд би өөрийнхөө цалингаар л
амьдардаг. Энэ л дүрэм журмаа баримталж, Монголын төрд 40 жил ажиллаж байна.
Хэн нэгэнд элдэв зүйл өгч үзүүгүй. Мөн хэн нэгнээс тусламж гуйж явсангүй.
-Танай намын
дарга сайд, дарга нараа хандив цуглуулахыг шаарддаг тухай яриа байгаа шүү дээ?
-Би дээр хэлсэн шүү дээ.
Хэн нэгэн хүн надад тийм зүйл өгч байгаагүй, би ч тусламж гуйж
байгаагүй. Миний хувьд хуулиа сахидаг, хуулийн хүрээнд ажилладаг, хуульч хүн.
-МАХН-ын
дараг Н.Энхбаяр \”Шадар сайд” болох тухай яриа байгаа. Энэ талаар тайлбар
өгөхгүй юу?
– Энэ асуудлыг би мэдэхгүй. Үүнийг Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгээс асуувал зөв болов уу.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар олны
анхаарал татсан асуудлаар ийм тайлбар өглөө. Харин өвөлжилтийн бэлтгэл ажлын
тухайд \”Улсын хэмжээнд Хөвсгөл, Завхан, Архангай, Дундговь, Булган зэрэг нийт
18 аймгийн 98 суманд цагаан зудтай байна. Малчдын гар дээр бэлэн мөнгө
байхгүйгээс өвс тэжээлээ худалдан авч чадахгүйд хүрчээ. Иймд улсын нөөцөөс 665 тонн өвсийг үнэгүй, 4689
тонн тэжээлийн үнийг хямдруулж олгох шийдвэрийг Засгийн газрын ээлжит
хуралдаанаас гаргажээ. Өвөлжилт хүндрэлтэй
аймаг, сумдад өвөлжиж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай
хүргэх зорилгоор түргэн тусламжийн машин авахад шаардлагатай хөрөнгийг улсын
нөөцийн сангаас гаргана” гэж мэдээллээ.
А.Аюуш