Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр гамшигтай тэмцэх болон онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Францын нэр бүхий хоёр компани Онцгой байдлын ерөнхий газрыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг нь хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах, гал унтраах, аврах албаны автомашин нийлүүлэх, гал сөнөөгчдийг сургах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо. Компаниудын төлөөлөл өмнө нь манай улсад ирж цаг уур, газар нутгийн онцлог, гал унтраах албаны одоо ашиглаж байгаа автомашин зэргийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийсэн аж.
Францын Засгийн газрын зээлийн санхүүжилт бүхий энэ төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаа гэнэ. Зээл нь нэн хөнгөлөлттэй буюу 50 жилийн хугацаатай, 0,25 хувийн хүүтэй байхаар урьдчилан тохиролцсон байна.
Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалт явуулж байжээ.