“Монголын худалдаачдын холбоо” болон “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-оос Нийслэлийн засаг дарга болон нийслэлийн удирдлагуудад хандан ТҮЦ ачих шийдвэрийг эс зөвшөөрч тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа зарлан, Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 16-р зүйл, 19-р зүйлүүдийг удирдлага болгон 9 зүйл заалт бүхий шаардлага хүргүүлжээ. “Монголын худалдаачдын холбоо”-ны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяатай уг асуудлын талаар болон ТҮЦ эрхлэгчдийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-ТҮЦ эрхлэгчдийн өнөөгийн байдлын талаар ярина уу?
-ТҮЦ эрхлэгчдийн өнөөгийн байдал туйлын хүнд байна. Өнөөдөр хууль хүчний байгууллага болон бусад холбогдох байгууллагууд ТҮЦ эрхлэгчдэд алагчилж хандаж байна. Ямар эрх мэдэлтэй, ямар албан тушаалтай хүмүүсийн ТҮЦ нь байгаад байж болоод байдаг, ямар ч албан тушаалгүй, ямар ч эрх мэдэлгүй хүмүүс нь ингээд хөөгдөж туугдаад ТҮЦ-ээ хураалгаад байгааг бид ерөөсөө ойлгохгүй байна. Биднийг тэр цагдаа хүчний байгууллагынхан өдөр бүр ирж дарамтлан ТҮЦ-ийг маань хөөж туун шаардах хуудас өгч дээрэлхдэг. Тэд хугацаа зааж өгөөд хэрвээ дурьдсан хугацаанд наад ТҮЦ-ээ ачаад явахгүй бол бид нар хүрч ирээд хүчээр ачина шүү гэж сүрдүүлж байна.
-Танай “Монголын худалдаачдын холбоо” хэзээ байгуулагдсан вэ? Ямар зорилгоор байгуулагдсан бэ?
-Манай Монголын худалдаачдын холбоо анх 2016 онд байгуулагдсан. Монголын худалдаачдын эрх ашгийг хамгаалах зорилготой байгууллага. Бид худалдаа наймаа эрхэлж байгаа 300 гаруй мянган худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалхийн төлөө тэмцдэг. Худалдаа эрхлэгчдийн маань эрх ашиг өдөр бүр зөрчигдөж байна. Тэд банкны зээлээ төлөхийн тулд үнэхээр шар махтайгаа хатаж байна. ББСБ бас ийм үйл ажиллагаа явуулж жирийн ядарсан худлаа эрхлэгчдийг шулж мөлжиж байна. Өнөөгийн байдлаар хэдэн мянган худалдаачид өдрийн зээл гэдэг юманд өртсөн байгаа. Ийм өдрийн зээлтэй хүмүүс манай худалдаачдын холбоонд маш их хандаж байна.
-Хэрвээ та нарын тавьж буй энэ шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Хэрвээ бид нарын тавьсан энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж тэмцлээ үргэлжлүүлэх болно. Бидэнтэй жирийн иргэд болон ТҮЦ-ээр амьжиргаа залгуулагчдын холбооныхон бас нэгдсэн байгаа. Ямар ч байсан бид эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн бодолтой байгаа.
-Одоогоор яг хэдэн ТҮЦ ачигдаад байгаа вэ? Алагчилж ачиж байна гэдээ та тайлбарлахгүй юу?
-Өчигдөр л гэхэд Улсын Циркийн урд талын тэр нэг жижигхэн ТҮЦ-ийг ачихын тулд дүүргийн газрын алба болон 3 цагдаа гээд нийтдээ 20 гаруй хүн машин тэрэгтэйгээ ирсэн байсан. Тэгээд бид шаргуу эсэргүүцсэний үр дүнд тэр ТҮЦ-ийг ачуулаагүй. Яг одоогийн байдлаар ганц нэгээрээ ТҮЦ эрхэлж байгаа тэр олон хүмүүст ойрын хугацаанд ТҮЦ-дээ холдуул гэсэн өч төчнөөн шаардах хуудас ирчихээд байна. Гэхдээ бид нарын мэдэж байгаагаар зарим ТҮЦ нарын ард төрийн албан хаагчдын ТҮЦ-нүүд байгаа. Тэр хүмүүсийн ТҮЦ-нүүд ерөөсөө ачигддаггүй. Энэ утгаараа ардаа арын хаалгатай, төрийн албанд ажилладаг тэр хүмүүсийн ТҮЦ ачигдахгүй харин бор зүрхээрээ ганц нэг ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийн ТҮЦ ачигдаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ний нуугүй хэлэхэд цагдаа болон газрын албанд ажилладаг хүмүүс ТҮЦ-тэй байдаг нь нууц биш. Бидэнд энэ талаар хангалттай мэдээлэл бий.
-БНСУ-аас оруулж ирсэн аж ахуйн нэгжийн карт цэнэглэх төв нэртэй ТҮЦ баригдах гэж байна гэсэн яриа байгаа. Энэ талаар тодруулж ярина уу?
-Анх тэр төмөр ТҮЦ-нүүдийг ашиглахгүй гэж байснаа больж, дараа нь одоо байгаа энэ бор ТҮЦ-үүдийг байрлуулж эхэлсэн. Одоо гэтэл дахиад шилэн ТҮЦ оруулж ирчихээд байна. Одоо тэр шилэн ТҮЦ-ээ Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордны тэнд загвар маягтай хоёр ТҮЦ байрлуулчихаад байна. Тэрнийг одоо нийтийн журмаар дахиад байрлуулна гэж ярьж байна. Энэ нь бас л нэг эрх мэдэлтэй албан тушаалтай хүний бизнес гэж хэлж болно. Өнөөдөр үнэн байдал ийм л байна. Эцэст нь хэлэхэд ямар ч байсан бид өөрсдийн эрх ашгаа хамгаалхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ энэ дашрамд мэдэгдэж байна.
Ярилцсанд баярлалаа.
ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулан амьдрал, ахуйгаа залгуулдаг иргэд дараах шаардлага хүргүүлж байгаа юм байна.
1. Биднийг хүлээн авч уулзахыг шаардаж байна
2. Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жилийн төлөвлөгөөгөө бидэнд танилцуулахыг шаардаж байна
3. ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй байж ТҮЦ-үүдийг маань ачиж, эвдэж, хохироож буй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна
4. ТҮЦ эрхлэх үйл ажиллагааг улс төржүүлэн, өөрсдийнхөө бизнес, ашиг хонжооны хэрэгсэл болгохыг таслан зогсоохыг хатуу шаардаж байна.
5. Олон жил тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр ТҮЦ эрхэлж ирсэн иргэдийнхээ амжиргааны эх үүсвэрийг баталгаажуулж ажлын байраа хадгалах, Улаанбаатар хотын аз жаргалтай иргэн байх баталгааг хангаж өгөхийг шаардаж байна.
6. Төрийн албан хаагчид, газрын албаны ажилчид, цагдаагийн байгууллагын албан хаагчид өөрсдөө болон бусадтай хуйвалдан дур зоргоороо, хүссэн газраа эмх замбараагүй ТҮЦ байрлуулан бусдад түрээслэн ашиг хонжоо буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна.
7. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахыг шаардаж байна
8. Одоогийн хэвийн ажиллаж буй ТҮЦ-нүүдийн үйл ажиллагааг зогсоож БНСУ-ын аж ахуйн нэгжийн карт цэнэглэх төв нэртэйгээр байрлуулах гэж буй ТҮЦ эрхлэгчдийн ажлын байрыг булааж авч буй бусармаг үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна гэжээ.