Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин гэх “Сайн ах”-тай Г.Сарангэрэлийн тухай сураг алдрах замдаа явж байтал дахиад л гараад ирсэн. Тухайн үедээ Хууль зүйн сайдтай дотно харилцаатай гэдгээрээ нийгэмд танигдаж басхүү зарим уян сэтгэлтнийг өөртөө итгүүлж гэмгүй гэж мэлзэж явсан энэ бүсгүй энэ удаад яах ч аргагүй хэргээ хүлээв бололтой.
Гэмгүй дүр эсгэж явсан тэрээр БНХАУ-аас дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө их хэмжээний “мөс” гэгддэг хар тамхийг биедээ нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Ингэхдээ мансууруулах төрлийн энэ бодисыг бэлэг эрхтэндээ нуусан гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Нэгэнт байдал иймдээ хүрсэн болохоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэгт мөнгөтэй бэлтэй хүмүүс, ийм хүний үр хүүхдүүд ихэвчлэн холбоотой байдаг гэлцдэг. Тэгвэл энэ удаад түүнд авралын од болох “Сайн ах”, эсвэл цагаан морьтой ханхүү байна уу? гэдгийг харах л үлдлээ. Яллагдагчаар татагдах дээрээ явж байгаа түүний дэргэд одоо л гарч ирэхгүй бол хором бүхэн гэрлийн хурдтай мэт санагдаж буй нь лавтай.