УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар өмнө нь бид мэдээлсэн байгаа. Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Саналын томъёоллуудтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасан гишүүд ч саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.” гэж өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн 2.4 дэх дэд заалтыг “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаагүйн улмаас улсын төсөвт үлдэх зөрүү мөнгөөр Хүүхэд хөгжлийн сан байгуулж, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;” гэж, тогтоолын төслийн 2.2 дахь дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэх;” гэж тус тус өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг олонхи нь дэмжлээ.
Ийнхүү Байнгын хорооны саналын томъёоллууд дэмжигдсэнээр Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүр олгох зохицуулалт хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.