Монгол орны нийт нутгийн 30 орчим хувьд зуншлага хэвийн байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар ЦУОШГ-ын Ерөнхий технологич Ч.Сарантуяа “Сүүлийн жилүүдэд зургаадугаар сард нэлээд хүчтэй халдаг болоод байна.Үүнээс шалтгаалан бороо хүчтэй, дуу цахилгаантай аадар хэлбэрээр орох тохиолдол ихсэж байгаа. Ирэх зургаадугаар сард ч гэсэн бороо тиймэрхүү хэлбэрээр орохыг үгүйсгэхгүй. Тиймээс үер болж зарим тохиолдолд иргэдэд хохирол учруулах эрсдэлтэйг анхааруулж хэлмээр байна.
Иргэд маань ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг манай вэб сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол авч байх болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлээрэй” гэж зөвлөв.
Зургаадугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.
Монгол орны ихэнх гол мөрний 6 дугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Шишхэд Орхон голын дагууд мөн Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Буянт Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй, Завхан голууд, Хэнтийн нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голуудын 6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 10-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см их бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай.
Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.