2018 оны хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр эхэлж байгаа учраас Орос дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Сүүлийн өдрүүдэд Москвагийн улаан талбай, Арбатын гудамж, Лужник цэнгэлдэх хүрээлэн зэрэг хаа сайгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн фанатууд цугларч ДАШТ-ний халуун яриа өрнүүлж байна.
Тэмцээн зохион байгуулахад ОХУ 14 тэрбум ам.доллар зарцуулж, олон улсын жишигт цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, дэд бүтцээ сайжруулж, цоо шинэ нисэх буудал, хот дотор аялах төмөр зам барьжээ. Орос орон хөл бөмбөгийн ДАШТ-ээр рейтингээ өсгөхийг хүсч байгаагаар барахгүй, Америк, Европын орнууд хоорондын хөшүүн харилцааг өөрчлөхийг хүсч байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ “ОХУ дэлхий дахинд үүд хаалга, сэтгэл зүрхээ нээлээ. Та бүхэн Орос оронд тавтай морилж, хөл бөмбөгийн ДАШТ-ийг тухлан сууж таалан болгооно уу” гэжээ. Мөн тэрээр “Хөгжөөн дэмжигчдэд дан ганц дэмждэг баг, хайртай тамирчныхаа авьяас чадварыг биш, харин Оросын аугаа их түүх, өвөрмөц соёл, баян тансаг байгаль, Оросын ард түмний чин үнэнч сэтгэл, халуун дотно, найрсаг занг ойлгуулахыг хүсч байна” гэсэн байна.
Энэ удаагийн тэмцээнийг Оросын 11 хотод зохион явуулах юм. Дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагааг өндөржүүлж, олон арга хэмжээ авсан байна. Тухайлбал, гол гол хотод буу зэвсэг, аюултай бодисыг хатуу хориглож, тэмцээний үеэр аюултай бодис үйлдвэрлэдэг газруудыг хааж байгаа юм. Европын зарим үймээн дэгдээгчдийг хатуу хянаж, хилээр оруулахгүй юм байна. Тасалбар авч чадаагүй хүмүүст зориулж, Москвагийн их дээд сургууль, цэцэрлэгт хүрээлэнд дэмжигчдийн цэнгүүний бүс гаргажээ. Гадаадын үзэгчид тасалбараараа хөгжөөн дэмжигчдийн карт авч, ОХУ-ын хилээр визгүй нэвтэрч болох аж.
Барууны зарим хэвлэл ОХУ-ын аюулгүй байдлын талаар эргэлзэж байхад, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дарга Инфинино ОХУ-ын зохион байгуулалтын ажлыг өндрөөр үнэлж, ДАШТ-ийг ОХУ маш гайхалтай, амар тайван зохион явуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо
Ийнхүү өнөөдөр болох нээлтийн ёслолд нэрт дуучин Уиллямс, “Харь гаригийн” хочит хөлбөмбөгийн од Рональдо, Оросын дуучин Аида Гарифуллина нар хөлбөмбөг, дуу хөгжмийг хослуулж, ОХУ, Саудын Арабын баг ДАШТ-ний анхны тоглолтыг хийж, тэмцээний салхийг хагалах гэж байна.
Ингээд тэмцээний хэсгийн тоглолтын хуваарийг танилцуулъя.