Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа “К2” уулын авиралтаа эхлүүлэх гэж байна. Түүнд өчигдөр Биеийн тамир, спортын газрын удирдлагууд төрийн далбааг гардуулан өгсөн. МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орноосоо мордсон. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас,алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил, Чогори / К2 / уулын авиралтанд эх орноосоо мордож байна. Энэ авиралтанд 2013 оноос хойш 5 жил бэлдэж бас зүүдэлж ирлээ.
Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж Хоби хэмээн хэлж байсаныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин Хоби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг тэр хүнд маш тод бас хатуу хэлье.
Миний болон монгол уулчны Монголчуудын зүүд мөрөөдөл биелэх боломжоор хангаж өгсөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын Газрын хамт олон, эрхэм нутгийн ах УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа,
Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй эх орны минь зулайгаар нэрлэгдсэн “Таван богд ” групп, Хаан банк, Говь компани, Улаанбаатар гурил компаний удирдлага хамт олон болон бусад олон байгууллага хүмүүс,найз нөхөддөө чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.
Мөн үргэлж дээлийн зах мушгиж сайн сайханаар зоригжуулан дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа.Та бүхэнийхээ ачийг амжилтаараа,тамирчин хүний үлгэр жишээ ухамсарт хөдөлмөрөөрөө хариулах болно оо.
Хоёр сарын дараа баяртай уулзацгаая” хэмээн нийтэлжээ.