УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүн санаачилж энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв.
УИХ-ын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” 23 дугаар тогтоолоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэний дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл хуралдаан даргалагчаас нэмэлт хугацаа өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.
Түүнчлэн УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг, тухайлбал Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэг, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журам, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босгыг тогтоох, нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэх дэгийг журмыг тодруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Харин төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлсэнгүй.
Асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь парламентын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, гишүүдийн хариуцлага сахилга, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн энэ төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат гишүүд хуралдаа ирдэггүй, бусдын өмнөөс кноп дардаг явдал түгээмэл байна, тиймээс хуульд өөрчлөлт оруулж гишүүдийг хариуцлагажуулах зайлшгүй шаардлагатай болоод байна. Гэхдээ Үндсэн хуулийг зөрчиж болохгүй, гишүүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хясан боогдуулахад хуулийн зохицуулалт чиглэгдэх ёсгүйг анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс тулхтай, туршлагатай гишүүдээс бүрдсэн нэг ажлын хэсэг гаргаж хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцүүлэх, гэхдээ яарч давчдахгүйгээр нухацтай, нягт нямбай хандаж сайн боловсруулаад намрын чуулганаар батлах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан парламентыг хариуцлагажуулахад чиглэсэн энэ төслийг дэмжиж байгаа, тиймээс санаачлагчдын нэг нь болсон, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ч орж ажиллах саналтай байгаа. Хурууны хээгээр санал өгдөг болсноор хуралдааны ирц сайжирна. Гэхдээ Үндсэн хуульд харшлах агуулгатай асуудал хэлэлцэхэд гишүүн оролцохгүй байх, хуралдааныг орхиж гарах эрх нээлттэй байгааг бодолцох ёстой. Түүнчлэн санал хураах цагийг хэлэлцүүлгийн цагаас тусад нь салгамаар байна. Ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанаас дэмжсэн тул хоёр хуулийн төслийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, хугацаатай үүрэг өгч ажиллуулахаа Улсын Их Хурлын дарга хуралдааны төгсгөлд мэдэгдлээ.