Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа алба хаагчдаас БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай Г-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлжээ. Улмаар тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус хорооны нутаг дэвсгэрт супермаркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгав. Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлжээ.