Авлигатай Тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, зургаадугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү АТГ-аас мөрдөн шалгах чиглэлээр хийсэн ажлуудыг товч танилцуулсан юм. Тэрээр “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан. 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж байна.
АТГ энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. 34 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүллээ. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа.
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь Компанийн тухай хууль, дүрмийг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
“МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Р, Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ” гэв.
Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлын шалгаж байгаа
Мэдээллийн дараа комиссарууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хуульзүйн сайдыг шалгуулах хүсэлт ирсэн. Уг хэргийг шалгах уу?
-Саяхан 10 минутын өмнө Хуульзүйн сайдтай холбоотой гомдол ирлээ. Хэрэгтэй танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хуулийнд заасан эрхийнхээ хүрээнд хэргийг шалгана.
-АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотойгоор шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг шалгах боломжтой юу. Эрдэнэт, МИАТ-ын асуудалтай холбоотой хэрэг гээд яриагдаад байгаа?
-Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутэй эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй.
-Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа бэ?
– Нийслэлийн Архивын газрын даргаар ажиллаж байгаа хүнтэй холбогдох санал гомдлыг шалгасан. Шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь илрээгүй учраас хаахаар холбогдох албанд шилжүүлсэн.
-10 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?
-Шүүхийн шийдвэрийг бид танилцуулж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаад авсан бэлэг буюу 10 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.
-60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан.
Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.
– УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаж байгаа юу?
– БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй.
-Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлын дагуу Допингийн эсрэг үндэсний төвийг шалгах боломжтой юу?
– Гомдол мэдээллийг шалгаж байгаа.