Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) мэдээллээр өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алджээ. Тэдний 55 нь зам тээврийн ослоос үүдэн амиа алдсан байна. Энэ нь эцэг эхчүүд автомашиндаа хүүхдийг зориулалтын суудал хэрэглэдэггүй холбоотой. Иймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн суудлыг яагаад хэрэглэхгүй байна вэ гэдэг судалгаа явуулсан. Судалгаагаар хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаа нь автомашины аюулгүйн суудал харьцангуй үнэтэй учраас хэрэглэдэггүй. Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагдаж байна.
Харин автотээвэр хэрэглэгчдээс судалгаа авахад аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас шалтгаалан 48000-63000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэж хариулжээ. Тиймээс ГБХЗХГ импортлогчдод аюулгүй суудлыг ийм үнээр оруулж ирэх санал тавихад “Номин” компани саналыг хүлээн зөвшөөрчээ.
Улмаар наймдугаар сарын дунд үеэс эхлэн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулахаар болжээ. Мөн тухайн суудлыг худалдан авсан хүнд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нэг жилийн эрх олгох юм байна.
Найман компанид саналаа явуулсан
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А. Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн суудлыг ирэх наймдугаар сараас эхэлж, 48000-63000 төгрөгөөр борлуулна гэж байна. Чанар стандарт дээр хэрхэн яаж анхаарах вэ?
– Олон улсын стандарт нийцсэн суудал хэрэгслийг оруулж ирнэ.
-“Номин” компаниас өөр компани санал ирүүлээгүй юм уу?
-Өөр компаниуд санал ирүүлсэн. “Номин” компани хэрэглэгчдийн санал болгосон үнэтэй хамгийн ойролцоо байсан. Эхний ээлжийн захиалгаа хийчихсэн. Ирэх наймдугаар сараас хүүхдийн аюулгүйн суудал 48000-63000 төгрөгөөр худалдаалагдана.
-Бусад компанийн үнийн хувьд ямар байсан бэ?
-Ерөнхийдөө 120-180 мянган төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Иймээс “Номин” компани боломжийн үнэ санал ирүүлсэн.
-Хүүхдийн суудлыг үнийн асуудал дээр танайхаас саналаа явуулсан юм уу?
-Найман компанид саналаа явуулсан. Үүнээс “Номин” компани хэрэглэгчид нийцсэн үнийн санал ирүүлсэн юм.