Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн 2 настай охин ээжийгээ дагаж малд яваад сураггүй алга болоод удсан билээ.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул өнгөрсөн сарын 14-нд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг зогсоосон юм.
Тэгвэл тус сумын 2 дугаар багийн Яхь нуур гэдэг газарт дэрсэн дундаас алга болсон охины цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа өчигдөр 22.40 цагт мэдээлжээ.
Энэ мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.