Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн хэсгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Ганхуяг, дэд ахлагч Ц.Батбаатар нар нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын эд хөрөнгийг шатах эрсдлээс аварчээ.
Энэ өдрийн 23 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 хороо 84 дүгээр байрны гадна зогсоолд байсан 71-71 БНХ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсныг унтраах арга хэмжээг авч, онцгой байдлын алба хаагч нарт хүлээлгэн өгсөн байна.
Мөн ойр орчимд зогсож байсан 3 тээврийн хэрэгслийг холдуулан галд өртөж шатах аюулаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайн үед УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн жолооч гал унтраах хоргүй, ганцаараа галыг хэрхэн унтраах учраа олохгүй, сандарсан байдалтай байх үед дээрх цагдаагийн алба хаагчид ойр байх дэлгүүр, эмийн сангаас галын хорыг авчруулж, галыг намжаасан ч гал улам дүрэлзэн асаж, ойролцоох тээврийн хэрэгсэл рүү гал авалцахаас хамгаалсан байна.
Мөн тээврийн хэрэгслээ холдуулсан иргэд болон бусад хүмүүс галын хороор цагдаагийн алба хаагчдад тусалж, галыг тархан даамжрахаас сэргийлж, ОБЕГ-ын гал унтраах автомашин орох гарцыг урьдчилан чөлөөлж бэлтгэн гал унтраах аврах анги түргэн шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраан, иргэдийн эд хөрөнгө шатаж устах аюулаас аварчээ.
Иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гал унтраагуур болон бусад шаардлагатай төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлдээ тогтмол авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.