Холимог тулааны “One Championship” холбооны дэлхийн аварга асан, МУГТ Ж.Нарантунгалаг энэ сарын 13-нд Малайзын Куала Лумпурт болсон “One Championship–Pursuit of Power“ тэмцээнд Япон улсын тамирчин, Казуки Токудомтой /Kazuki Tokudome/ тулалдаж ялалт байгуулсан юм.
Ж.Нарантунгалагийн хувьд 2016 онд Оросын Гафуровт ялагдсанаасаа хойш хоёр жил тулалдаагүй байлаа. Тэрээр өнгөрсөн сарын 23-нд Макаод “One Championship: Pinnacle of power” тэмцээнд Филиппиний тулаанч Эдвард Келлиг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялсан билээ. Ингээд 20 хоногийн дараа манай тамирчин дахин рингэнд гарч Казүки Токүдомэтэй тулалдаж ялав.
Казүки Токүдомэ 31 настай, холимог тулааны хамгийн том холбоо UFC-д тулалдаж байсан туршлагатай тамирчин. Холимог тулаанд нийт 27 удаа тулалдаж, 18 ялж, 8 ялагдаж, 1 тэнцэж байсан аж. 2013-2014 онд UFC-д 4 удаа тоглосон ба 2015 оноос Японы “Pancrase” холбоонд тулалдаж, 70.3 кг-ийн аварга болж байсан тамирчин юм байна.
Ингээд Ж.Нарантунгалагтай хийсэн тоглолтын дараа Токүдомэ манай гавъяатад сөгдөн мөргөж, хүндэтгэл үзүүлсэн нь ямар хүчтэй тамирчинтай тулсанаа ойлгон, биширснийх байлаа.
Ийнхүү сүүлийн 20 хоногт хоёр ялж, нийт тулааны харьцаагаа 14-5 болгосноор Ж.Нарантунгалаг “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх өрсөлдөөнд эргэн ирснээ зарлалаа.