Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн “Шарын хөндий” гэдэг газар хувиараа алт олборлож байсан 2 иргэн шороонд дарагджээ. Улмаар дуудлагын дагуу өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 17:42 цагт очиж, шороонд дарагдаж ухаангүй байсныг гаргасан аж. Иргэн А нь 40 настай /эрэгтэй/ бөгөөд тус сумын Дархан багийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суугч бол 53 настай иргэн Д /эрэгтэй/ нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч байжээ. А, Б нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч тэд сумын эмнэлэгт хүргэгдэн, улмаар нас баржээ.
Мөн Сүхбаатар аймгийн Халзан сум Хатавч багийн “Сэнчит хад” гэдэг газар хоёр хүүхэд борооны тогтоол усанд орж алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр 19:10 цагт ирсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 70 км зам туулан 21:20 цагт газар дээр нь очиж, 9 настай хүү Д, 5 настай хүү Э нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Бидний урьд нь мэдээлж байсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар Сэлэнгэ голын усанд осолдсон гэх 25 настай иргэн Б /эрэгтэй/, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 30 км-т орших Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голын усанд живсэн байж болзошгүй 57 настай иргэн Ж /эрэгтэй/ нар одоо болтол олдоогүй байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.