Энэ сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс 70 км-ын зайд орших Ферм багийн “Тахилтын хөндлөн” хэмээх газар нутаглаж байсан малчин С.Мөнх-Эрдэнийн бэлчээрлэж буй мал руу чоно дайрч, хонь хариулж байсан хүүхдийг ноцсон байна.
Бяцхан хүүхэд рүү дайрсан чоныг тухайн өдөр нь устгасан бөгөөд сумын малын эмч тус чононоос дээж авч, аймгийнхаа Мал эмнэлгийн Ариун цэврийн лабораторид долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ.
Одоогийн байдлаар тус сумын Засаг даргын захирамжаар “Тахилтын хөндлөн”-д хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа бөгөөд чононд ноцуулсан хүүхдийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Зооноз өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд хамруулан, харъяа сумын эмнэлэгт эмчилж байгаа юм байна.