Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд “Туул” голын усанд хүн живсэн байжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 31-ний өдрийн 18:29 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид хаяг, нэр нь тодорхойгүй, 20-30 орчим настай, эмэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Бидний өмнө нь мэдээлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар “Ховд” голын усанд живсэн 10, 13 настай Ж, А нар өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Анх өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт мэдэгдсэн байдаг. Эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 9-ний өдрүүд, долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Мөн өчигдөр буюу энэ сарын 31-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлэх хүсэлт гаргасан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхний хамт нийт 17 хүн 10:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн хүрээнд Бугат сумын Бугат багийн “Бугын голын Есөн салааны-Эх” гэдэг газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 7 км-т, 3 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ.