Манай улсад улс төрөөс үүдэлтэй олон янзын гэмт хэрэг, зөрчлийн санаа оноо гардаг нь хэдийнэ ил болсон зүйл. Нийгмийн хүрээнд ч элдэв бусын юм дуулдсаар бараг дасал болох нь. Эрүүл мэндийн салбар ч туйлдаж доройтсон гэдэг нь хатуу ч гэлээ үнэн. Тэгвэл яг эдгээр асуудлыг батласан жишээг бодит шийдвэрээр нь хүргэе.
Амьд хүнийг нас барсан болгож, амьдралд дөнгөж мэндлээд удаагүй хүүхдийг хорвоогоос буцаах гэсэн оролдлого төрийн байгууллагад гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл тус дүүргийн Эрүүл мэндийн төвд гомдол барагдуулах үүрэг өгчээ. Харин БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Чанарын менежер гомдлыг хэрхэн барагдуулсан тухай хариуг илгээсэн байна.
Үүнийг сийрүүлэн хүргэвээс, тус Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь хүнийг нас барсан гэх гэрчилгээг хуурамчаар үйлджээ. Энэ нь Эрүүл мэндийн сайдын тушаалын гурван заалтыг зөрчсөн тул гурван сар тус бүрт цалингийн 20 хувиар торгуулах шийдвэр гаргасан байна.
Сайдын 446 дугаар тушаалын:
3.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.
3.7 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болсноор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй.
3.12 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй хэмээн заажээ. Чухам ямар зорилгоор амьд хүнийг үхсэн болгох гэсэн оролдлого нь тодорхойгүй юм.
Мөн БЗД-ийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч хугацаа нь дууссан вакциныг хүүхдэд тарихыг завдсан аж. Түүнчлэн тус төвийн дарга нь хамт олноо байнга дарамталдаг гэсэн гомдлын дагуу асуудлыг хэлэлцэж, дарга, сувилагч хоёрт тус бүр гурван сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах шийдвэрийг БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлөөс гаргажээ.
Ийнхүү хүний тооноос хассан гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хугацаа дууссан вакцин 9-хөн сартай хүүхдэд тарихыг завдсан эрүүл мэндийн байгууллагын тангарагтнууд цалингаасаа хувьдуулаад өнгөрч байгаа юм байна. Нас барсан гэрчилгээтэй ч амьд үлдэх нь ойлгомжтой байдаг юм байж. Харин мэндлээд удаагүй бяцхан үрд үхлийн тариа хийх гэж байсан учрын шалтгааныг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, хүн алахыг завдсан гэдэг гэмт хэргийн шинжтэй энэ үйлдэлд цалингийн хувиар шийтгэл оногдуулах нь шударга явдалд үл нийцнэ.