Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте булдозеруудаар 5 сая гаруй ам.долларын үнэтэй Порше, Ламборжин зэрэг тансаг зэрэглэлийн машинуудыг няцалж, эвдэхийг үүрэгдэн, өөрийн биеэр харж зогсчээ. Засгийн газраас олон нийтэд ил болгосон бичлэгт тус улсын баруун хэсгийн муж Кагаяанд авлигын замаар орж ирсэн өндөр үнэтэй гэх 75 автомашин, мотоциклуудыг хүнд механизмууд эвдлэн сүйтгэхэд олон нийт алга ташин, уухайлж байна.
Засгийн газрын мэдээлснээр эдгээр нь Кагаяаны боомтоор хууль бусаар нэвтрүүлснийг нь тогтоон, хурааж авсан 800 гаруй машины нэг хэсэг нь ажээ.
Ерөнхийлөгч Дутерте гэмт хэрэг, авлигын эсрэг идэвхтэй тэмцэж буйгаа харуулах гэж дээрх байдлаар машинуудыг сүйтгэж дууссаныхаа дараа цугласан олон нийтэд хандан “Аливаа газар нь бизнес хийхэд томиромжтой болтлоо хөгжихийн тулд хууль, журмыг эхлээд бий болгох ёстой” гэж хэлжээ. Энэ бол Дутертегийн Засгийн газар дээрхийн адил олон тооны өндөр үнэтэй, хууль бус замаар олсон машинуудыг авлигын эсрэг тэмцэл хэмээн эвдэн сүйтгэсэн хоёр дахь бичлэг юм. Үүний өмнө хоёрдугаар сард 1.2 сая ам.долларын үнэ бүхий 30 машиныг Манила болон өөр хоёр хотод ижил төрлийн “ёслол” үйлдэж устгажээ.
2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Дутерте гэмт хэрэг ба авлигын эсрэг түрэмгий, ихэвчлэн хүчирхийллийн шинжтэй арга хэмжээ авч ирсэн юм. Энэ хугацаанд хар тамхины эсрэг тэмцэлд 12000 хүнийг хар тамхи хэрэглэгч болон худалдаалагч хэмээн амийг нь хороосон байна. Мөн өөрийнх нь Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн сэтгүүлчдийг авлигад идэгдсэн хэмээн нэрлэж, шахалт дайралт үзүүлдэг аж.
2016 онд хэвлэлийн хурлын үеэр гэмт хэргийн асуудлаар дагнан ажилладаг нэгэн сэтгүүлч алагдсантай холбогдуулан “Хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэрэв чи нохойн гөлөг л бол сэтгүүлч байх эсэх чинь хамаагүй, алуулах л болно” гэж хариулжээ.