ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд энэ сарын 9-ний үдэш ажлын байрандаа архидсаны улмаас Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон цагдан хоригдоод байгаа билээ. Тэд тухайн үед Засгийн газрын XIII байрны гадна талд муудалцан зодолдсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тухайн үйл явдлын бичлэг хяналтын камерт нь үлдсэнийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Уг хэрэгт холбогдоод байгаа Б.Махбал гэгчийн тухайд гэвэл “Б.Махбал нь Цагдаагийн дээд сургууль төгсөж, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгч байсан, офицер. 1994-1998 онд тус хэлтэст ажиллаж байгаад халагдсан. Түүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад гэнэт л яамны газрын дарга болсон. Түүнтэй хамт нэг жил төгссөн сонсогч нарын олонх нь өдгөө цагдаагийн хурандаа болсон, газар, хэлтсийн даргаар ажиллаж байгаа” нэгэн юм байна.