Үндэсний татистикийн хорооноос өгсөн мэдээллээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо долдугаар сарын эцэст 32.6 мянгад хүрчээ. Үүнээс 22.5 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.6 мянган хүнээр, өмнөх сараас 3.3 мянган хүнээр буурч, 22.5 мянга болжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (33.5%) мянга нь Улаанбаатарт, 4.6 (20.5%) мянга нь Хангайн бүсэд, 4.0 (17.8%) мянга нь Баруун бүсэд, 4.0 (17.8%) мянга нь Төвийн бүсэд, 2.3 (10.4%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 476 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 227 нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний долоон сард ажилгүй 48.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 39.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хамгийн их буюу 49.2 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.02 хувийг хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд эзэлж байна. Долдугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.6 хувийг бүрэн дунд, 28.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 5.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ, Архангай, Увс, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод аймгуудад улсын дунджаас 0.3-21.7 пунктээр илүү байна.