Нийслэлийн Прокурорын газраас төрийн албыг наймаалсан гэх “60 тэрбум” ын хэргийг дахин сэргээж шалгаж эхэлсэн. Тус хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тагнуулын eрөнхий газар очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг гэрчээр дуудсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний хувьд 93106060 гэсэн утсанд ирсэн болон бичгээр өмнө нь ирсэн бүх гомдлуудыг хоолойн бичлэгийн хамт хүлээлгэж өглөө. Өмнө нь АТГ-т ороод хаагдсан байсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж дахин сэргээж байна. Тиймээс ажлын хэсгийг ТЕГ-аас ахалж байгаа юм уу, АТГ-аас ахалж байна уу гэдгийг би тодрууллаа. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог дахин ахалж байгаад миний хувьд санал зөрж байгаагаа илэрхийллээ. Яагаад гэвэл өмнө нь үүнийг “эвлүүлэг” гэдэг байдлаар хаачихсан хүмүүс нь өөрсдөө дахиад ахалж болохгүй юм. Нэгэнт нэмэлт мэдээлэл байна гэж үзсэн юм бол ТЕГ ч юм уу, энэ хэргийг эцэслэн шалгах нь зүйтэй. Энэ талаар би бичгээр АТГ-ын дарга болон ТЕГ-ын даргад явуулъя гэдгээ тайлбарлалаа.
-УИХ-ын дарга М. Энхболд 60 тэрбумын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын хэргийг өмнө нь эвлүүлэг гээд хааж байсан. Иймээс энэ 60 тэрбумын бичлэгийн асуудлыг эцэслэн тогтоох боломж байгаа болов уу?
-Хэд хэдэн байр суурийг илэрхийллээ. М.Энхболд дарга харамсал илэрхийлсэн. 60 тэрбумын асуудлыг ТЕГ эцэслэн тогтоохгүй бол олон улсын шүүхэд хандах болно гэдгээ илэрхийллээ. Үүнийг олон нийтэд эвлүүлэг биш гэж зарлахын хүслээ. Нөгөө талаараа төрийн 1750 албан хаагчаас мэдүүлэг авсан гэж байгаа. Энэ хэргийг дахин нягтлах хэрэгтэй гэж үзсэн. Ер нь нэлээд том далайцтайгаар ажиллахаар төлөвлөж байгаа, хугацаа орно гэж ахлах мөрдөн байцаагч Энхтөр хэллээ. Гарын үсэг зурсан 26 гишүүн, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, гомдол гаргасан олон нийт анхааралтай ажиглах болно. Юутай ч гэсэн энэ хэргийг дахин нягтлах үндэслэл байна гээд дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг гэж харсан ийм утгагүй байдлыг Нийслэлийн прокуророос сэргээж нягтлах шалгах гэж байгаад хувь хүний зүгээс талархаж байгаагаа илэрхийллээ.
-Манай дуулиантай томоохон хэргүүд хэсэг шуугиж байгаад л замхрах асуудлууд нэлээд байдаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь дуулиантай байгаа том хэргүүдийн хувьд олон нийтэд мэдээллийг нуухгүйгээр нээлттэй явах хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд эндээс хоёр зүйлийг ойлгож авсан. Хүмүүс мэдүүлэг өгснийхөө төлөө хохирох олон асуудлууд үүсдэг юм байна. Намрын чуулган нээгдэнгүүт холбогдох гишүүдийн хувьд авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар ямар нэгэн байдлаар мэдээлэл өгсөн гэрч, мөн шүгэл үлээж байгаа, асуудлыг гаргаж тавьж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тал дээр хуулийн төсөл санаачлах зайлшгүй шаардлагатай юм байна гэж дүгнэлт хийсэн. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль, олон байдлаар төрийн өндөрлөгүүдээс өөр өөр чиглэлээр ажилладаг хууль хяналтын байгууллагууд өөр өөр дүгнэлт гаргадаг, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг энэ асуудлууд Үндсэн хуулийн, манай эрх мэдлийн салангид байдал асуудалтай болж байна гэж үзэж байгаа учраас цаашид зөвхөн хувь хүнтэй холбоотой асуудал биш, системийнх нь, судлагдахууных нь хувьд авч үзэх зайлшгүй шаардлагатай байна гэж бас дүгнэлээ.
-60 тэрбумын хэргийн ганц гэрч нь Доржзодов гэдэг хүн байгаа. Та энэ хүнтэй уулзсан уу?
-Доржзодовтой би уулзсан. Сая байцаалтанд дурьдлаа. Тэр хүн худал мэдүүлэг өгсөн юм уу, эсвэл хэлмэгдээд байгаа юм уу гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Хэрэв энэ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдох юм бол хариуцлагын асуудал яригдах ёстой. Иймээс энэ асуудлыг эцэслэн тогтоогооч гэдгийг мэдүүлэг дээр хэлсэн. Авлигатай тэмцэх газар гэнэт нэг хүнийг барьж аваад улс төрийн акт хийдэг. Тэр нь 30 хоногийн дараа юм уу 60 хоногийн дараа буцааж тавигдаж, сураг алдардаг. Тухайлбал, экс ерөнхий сайдуудын асуудлууд байна. Хэрэв буруутай зүйл хийгээд хүмүүс хоригдсон бол цаашаа явж шүүхийн өмнө шийдэгдэх ёстой. Харин хүнийг буруугүй байхад АТГ 60 хоног хорьчихсон бол хүний эрхтэй холбоотой асуудал. Иймээс хууль хяналтын байгууллага энэ асуудлыг эргэж үзэх хэрэгтэй. Одоо хүн барьж хорино гэдэг бол улс төрийн акт шиг. Өчигдөр АТГ мэдээлэл хийсэн. Энэ мэдээллээр гурван сайдтай холбоотой авлигын хэрэг үүссэн байна гэж хэлсэн. Үнэхээр авлигыг тогтоож байгаа бол сайн байна. Гэхдээ өмнө нь гаргаж тавьж байхгүй яасан юм бэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Иймээс энэ асуудлыг улс төрүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд орж байна. Хууль хяналтын байгууллага улс төржиж, улс төрийнхний гар хөл болдог. Хэн нэгэн улс төрч мэдэгдэл хийчихээр хэргийг нээдэг. Хэн нэгэн хүн утасдахаар хэргийг хаадаг. Ийм байдлаар цаашаа явж болохгүй. Үндсэндээ манайх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд гурван засаглалтай. Шүүх хуулийн засаглалтай холбоотой энэ хараат бус байдал бүтэн нурж унасан. 60 тэрбумын хэрэг энэ тогтолцоо эвдэрч байгаа энгийн жишээ учраас хойноос нь хөөцөлдөж явсан юм. Түүнээс биш хэн нэгэн хүний мууг үзэх гэж, эсвэл зуны цагт улс төр хийх гэсэнгүй.