Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 14. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.