Монгол Улсад спортын томоохон цогцолбор, ордон байдаг ч өвлийн спортоор хичээллэх боломжтой газар байхгүй. Тэгвэл Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар санал тавьжээ. Тодруулбал, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болсон билээ.
Тэгвэл өчигдөр/09.03/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Олдржих Заяычек уулзах үеэрээ өнгөрсөн онд хөндөгдсөн асуудал нааштайгаар шийдэгдэхээр болсныг мэдэгдлээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх болсон тухай сайхан мэдээ дуулгасан юм. Мөн хоёр орны соёл, боловсролын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа спортын ордон барьж байгуулах саналыг хүлээн авч, дэмжлэг, туслалцаа үзүүлэх болсонд баярлаж талархсанаа илэрхийлэн “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдэхээр болж, элчин сайд захидал илэгээсэнд талархал илэрхийлмээр байна. Иргэдийн маань хүсэн хүлээж байсан нэгэн асуудал биеллээ олох нь. Хоёр орны хамтын ажиллагаа ч цаашдаа үргэлжилж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэллээ.
Ийнхүү Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн ордон барьж, монголчууд, Монгол Улсын өвлийн спортоор хичээллэдэг баг тамирчид бэлтгэл сургууль базаах ордонтой болох сайхан мэдээг дууллаа. Энэхүү ордонг барих санал, санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан гаргасан бөгөөд өдгөө биеллээ олж, сүндэрлэхээр болж байна.