Гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрсэн, эсэх асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Тэгвэл түүнээс Азийн наадмын үеэр авсан шинжилгээнийх нь дээжнээс анаболик стеройд төрлийн бодис илэрснийг Азийн олимпын зөвлөлөөс албан ёсоор баталж, “Жакарта-Палаембан-2018”-аас авсан алтан медалийг нь хураав. Ингэснээр мөнгөн медаль хүртсэн Киргизстаны Айсулу Тыныбековаг түрүүлсэнд тооцохоор болжээ. Азийн наадмын алтан медалиас чухал асуудал бол П.Орхонд ямар шийтгэл ногдуулах юм. Хэдийгээр түүнийг хэрхэн шийтгэх нь одоогоор тодорхойгүй ч ийм төрлийн бодис хэрэглэсэн бөхийн эрхийг багадаа 2-4 жилээр хасдаг журамтай. Өнгөрсөн жил анаболик стеройд хэрэглэсэн нь илэрсэн Их Британийн бөх Чинү Сандугийн эрхийг дөрвөн жилээр цуцалсан. Тэгэхээр П.Орхон барилдах эрхээ хоёр жилээр хасууллаа гэж бодоход л 2018, 2019 оны ДАШТ, Токиогийн олимпод зодоглох боломжгүй болох хүнд байдалд орлоо. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай бөхийг хэрхэн шийтгэх нь хэрэглэсэн тунгийнх нь хэмжээнээс шалтгаална.