УИХ-аас 2013 онд баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот хоёр төвтэй байхаар туссан. Одоогийн байгаа Бага тойруу, нөгөө нь Яармаг гэсэн төвтэй, мөн найман дэд төвтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн газруудад хийж байгаа бол Яармаг төвд нийслэлийн төр захиргааны байгууллагууд байршихаар төлөвлөлт хийгдсэн. 2018 онд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төвүүд рүү нүүлгэх ёстой гэсэн Засгийн газрын тэмдэглэл гарсан. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж буй ажил юм.
НИТХ-аас гарсан шийдвэрийг үндэслэж нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэх газрын байршлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс БОАЖЯ-наас газрын санал авч, тухайн компаниудад урилга өгч, урилгын дагуу ирсэн компаниудын төлөөлөлтэй хэлэлцээр хийж, хотоос санхүүжилт гаргах боломжгүй гэдгээ хэлжээ. Зарим компани энэ нөхцөлийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж буй “Темпланд” компани өөрсдийн эзэмшлийн газраасаа 5 га газраа үнэгүй өгч, цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолтой байна гэсэн санал тавьсан гэнэ. Үүнийг ажлын хэсгийнхэн НИТХ болон хотын даргад танилцуулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд энэ компанитай гэрээ хийж, барилгын ажлыг хий гэсэн тогтоол гаргаж чиглэл өгчээ. Барилгын ажил өнгөрсөн долдугаар сард, наадмын дараа эхэлсэн. Нийтдээ гурван блок барилга баригдах юм байна. Эхний ээлжинд А блокоо энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 15-н гэхэд цутгалтын ажлыг дуусгаад дотоод засалдаа орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хотын төвд байгаа хуучин захиргааны байруудаа борлуулаад, шинэ байрнуудаа барих төсвийн тодорхой хэсгийг шийдэх аж.
Үндэсний таван компани нийлж “Яармаг шинэ нэгдэл”-ийг байгуулсан ба тус нэгдэл туслан гүйцэтгэгч 30 гаруй компанитай ажиллаж байна.