Нууц амрагийн явдал гэдэг гэр бүл хэмээх “тусгаар тогтносон улс”-ыг задраах хамгийн гол хүчин зүйл байсаар ирсэн. Мэдээж айл бүрт мөнгө санхүү, харилцаа, үзэл бодлоос үүдэлтэй асуудлууд байлгүй л яахав. Гэхдээ эдгээрээс хамгийн итгэл эвдсэн нь нууц амрагийн асуудал. Бүсгүй, нөхөр чинь араар тавиад байгаа юм биш биз. Тэгвэл хүүхнүүддээ дараах зөвлөгөөг хүргэе. Эдгээр зөвлөгөө нь судалгаан дээр үндэслэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
“Нөхөр тань таныг хуурсан тохиолдол гарч байв уу? Тийм бол та түүнтэй хэрхэн тэмцсэн бэ? гэсэн асуултад эмэгтэйчүүд дараах хариултыг өгсөн байна.
Асуулгад оролцогсдын дөнгөж гурван хувь нь нууц амрагтай нь зодолдсон гэсэн бол бусад нь дараах аргуудыг хэрэглэсэн байжээ. Сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 59 хувь нь нөхрөө үнэнч гэдэгт итгэдэг хэмээн хариулсан байна. Харин үлдсэн 41 хувийнх нь хувийн амьдрал өөрийн гэсэн асуудалтай тулгарсан бөгөөд эр нөхрийн үнэнч бус байдалд янз бүрээр хариу барьсан байжээ.
Нөхөртөө араар тавиулсан гэх тэдгээр эмэгтэйчүүдийн 10 хувь нь “партизан” маягаар энэхүү хууран мэхлэлттэй тэмцсэн тухайгаа ярьсан байна. Тэд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан, нөхрөө аль болох халамжилж, нууц амрагаас нь илүү их хайрлаж энхрийлэх замаар сэтгэлийг нь эргүүлэн татахыг хичээсэн аж. Хэдийгээр ингэж жүжигчлэх нь тэдэнд үнэхээр хэцүү, уур хилэн, гомдол, үзэн ядалт нь цээжинд нь багтаж ядан байсан ч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө шүд зуун тэсчээ.
Харин долоон хувь нь нөхрийнхөө нууц амрагтай нүүр тулан ярилцжээ. Тэд “нууц амрагтай” чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцах санал тавьжээ. Ийм уулзалтын гурван хувь нь зодооноор төгсдөг гэнэ.
Асуулгад оролцогчдоос хуруу дарам цөөн хүн л нөхөр, түүний нууц амрагтай нь “дугуй ширээний ярилцлага” хийжээ. Тэд дуугүй хүлцэнгүй сууснаас аюултай улаан нүүрээрээ тулах нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн байна. Энэ үед нөхрүүд түүнийг уучилбал бүхнийг хуучин байранд нь буцаан оруулж, дахин үнэнч бус байдал гаргахгүй гэдэг ам тангарагаа өгч,хууль ёсны эхнэр, гэр бүлээ сонгодог гэнэ. Харин нууц амраг “Баяртай”.