Өмнөхийг ЭНД ДАРЖ уншина уу.
Үргэлжлэл:
-Бид өнөөдөр болохгүй байна, бүтэхгүй байна гээд л дор бүрнээ халаглаж, эсвэл хэдэн биендээ бухимдлаа гаргахаас цаашгүй боллоо. Иргэний хөдөлгөөнийхөн ч улс төрд гарахаараа төрийн увайгүй нөхдөд уусаад явчихдаг юм байна гэдгийг мэдэрч байна. Таны бодлоор эх оронч сэтгэлгээгээ хадгалж үлдэхийн тулд яах ёстой вэ?
-Өвөг дээдэс бидэнд ямар газар үлдээснийг хэдхэн жилийн дотор юу болгоод хаячихав. Дэлхий нийтээр 2060 он хүртэл газрын тосны нөөцтэй. Тэгвэл бид 2053 он хүртэл нөөцтэй. Тамсагийн ордуудаа 2049 он хүртэл Петро Чайнад өгчихсөн байж байна. Өнөөдөр сая бариалл нефть олборлож гаргаж байгаа мөртлөө гаднаас шатахуунаа импортлоод байдаг ийм эмгэнэлтэй дүр зурагтай улс үндэстэн юм. Тиймээс бид шидсэн чулуу болгоных нь араас хөөцөлдөөд нэмэргүй юм байна. Тогтолцоог үндсээр нь өөрчлөх ёстой. Нам гэж ард олныг хэдэн талд талцуулсан хэдэн бүлэг луйварчдыг төрөөсөө зайлуулж Монголын төрийг ариутгах цаг үе болжээ. Гэхдээ үүнийг хийхдээ бид тайван замаар шийднэ. Үймээн самуун болгож байгаад ашиг завшаан олох гэсэн хулгайч нар маш их байгаа.
Бид Үндсэн хуулиас гаж юм огт хийхгүй. Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Тиймээс бидэнд сонгосон төрөө өөрчлөх эрх байна. Мөн 3.2-т заасанчлан ард түмэн төлөөллийн зарчмаар төрийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхтэй. Тэгэхээр төлөөллийн зарчмаар ёс зүйн асуудалд орооцолдсон, хулгай луйвар хийсэн, оффшортой гээд асуудалтай тэр хүмүүсийг 2020 он хүртэл хараад суух шаардлага алга. Бидэнд эгүүлэн татах эрх байгааг зарим нь мэддэггүй, зарим нь мэдэхийг ч хүсдэггүй. Харин луйвар хийж байгаа улс чинь Үндсэн хуулийн цэг, таслалыг ч мэддэг байхгүй юу. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг чинь энэ.
Үндсэн хуулинд засгийн бүх эрх мэдэл намуудын гарт байна гэж нэг ч үг, үсэг байхгүй
-Ард түмэн дорой юм байж. Яаж өөд нь татах юм бэ. Та нарт ямар санал байгаа юм бэ?
-Жишээ нь, ерөнхий боловсролын ахлах ангиас нь, байг гэхэд оюутан болохоос нь эхлээд Үндсэн хуулийг ягштал нь зааж судлуулаад, шалгалт өгч төгсдөг болсон байхад тэр хүүхдүүд бусадтай мэдэж ойлгосноо хуваалцаад явна. Алсдаа хуулиа мэддэг болоод ирэхээр энэ улс орон ямар эмх цэгцтэй болох билээ. Харин одоо бол иргэний хөдөлгөөнийхөн, холбоод, ТББ-ууд буюу нам, эвслийн халаасанд ороогүй яг мөнчгөрөөрөө явж байгаа хүмүүс нэгдээд Үндсэн хуулийн 3.1-ийг хэрэгжүүлье, УИХ-ыг тараах нь зөв гэж үзээд “Их цааз-Их эргэлт” хуралдайг зарлах гэж байна. Үндсэн хуулинд засгийн бүх эрх мэдэл намуудын гарт байна гэж нэг ч үг, үсэг байхгүй.
-Яагаад УИХ тарах ёстой гэж. Одоо тараалаа гэхэд дараагийн ээлжинд ямар хүмүүс хоолондоо орох ёстой юм бэ. Үнэхээр Монголоо гэсэн сэтгэлтэн гарах уу?
-60 тэрбум, луйвар, царцааны нүүдэл, хар машины хүчээр бүтсэн УИХ, 641-хэн мянган хүний саналаар бүрдсэн энэ 76-г буулгах ёстой юм. Нийт санал өгөх 2 сая гаруй сонгогч байхад 50 хувьд нь ч хүрэхгүй сонгогчид санал өгсөн байдаг. Ер нь энэ Үндсэн хуулинд авах ч юм, хаях ч юм их бий. Өөрийн Үндсэн хуулийг батлах гэж байж гадны зөвлөх үйлчилгээ авсан шүү дээ.
Бид сонгуулиас сонгуульд АН, МАН-ыг ээлжилж гаргаад, болохгүй болохоор нь хольж гаргаж үзлээ. Канадын улс төрийн шог зохиолчийн 1944 онд бичсэн “Хулганы орон” гэдэг үлгэр шиг юм болж байна. Хулганууд өөрсдийн эрх ашгаа хамгаалуулахаар цагаан муурыг сонгоод болохоо байсан. Тэгэхээр нь хар муурыг сонгосон бас өөдлөөгүй. Тэгэхээр нь цагаан, харыг хольж алаглуулж хүртэл гаргаж үзээд бүтээгүй. Эцэст нь хулганы эрх ашгийг зөвхөн хулгана л мэдэх юм байна, муур мэдэхгүй гэдгийг ойлгосон. 1944 онд Канадад болж байсан энэ үйл явдал өнөөдөр манайд биеллээ олоод явж байна. Тэгэхээр сонгогчид дөрвөн жилийг, хүүхдийнхээ ирээдүйг 20, 40 мянган төгрөгөөр худалдахаар яаж өөдлөх юм бэ. Тэр хүний саналыг мөнгөөр худалдаж авч байгаа хүн гаргасан мөнгөө төрөөс хэд нугалж буцаагаад олж авах гэж байгаа болохоос Монголыг сайхан болгох гэж мөнгө зарж байгаа юм биш. Бас мөнгийг нь авчихаад өөрийн сонгох хүндээ саналаа өгчих юм чинь гэж бодох нь буруу. Ийм байдлаар Монголд хэзээ ч шударга ёс тогтохгүй. Мөнгө өгч байгаа л бол тэр хүнийг шууд илчлэх хэрэгтэй. Тэр цагт л шударга ёс үнэртэх байх. Хүн бүрийн халаасанд шууд дамжуулах станц байна. Гар утас, интернэтээрээ баримтжуулах бүрэн боломж байгаа шүү дээ. Хэзээ шударга ёс тогтохыг ард түмэн л мэднэ.
Өөрсдийн баялгаа гаргаж байгаа мөртлөө ийм их доромжлолыг амсаж байна
-Хятад хүн Монголын газар нутгийг өөрийн мэт эзэгнэж, хүн ардыг нь боолчилж, тэр бүү хэл зарим аймаг, сумд хятадад яваа юм шиг санагдах боллоо гэж хүмүүс нэлээд ярьж бичих болсон. Уул уурхайтай холбоогүй ч гэсэн энэ тал дээр та нар ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Үндэсний аюулгүй байдалд харшилсан маш аюултай зүйл их болж байна. Багануурт гэхэд V цахилгаан станц гэдэг нэрийдлээр хятад хотхон баригдах гээд эхэлж байна. Хил боомт газруудад ч Монгол Монгол биш болж байна. Дорнод, Өмнөговь, Дорноговь гэх мэт газруудад хятад, монгол нь мэдэгдэхээ байсан. Тавантолгойд нүүрс зөөж байгаа жолооч нар хятадад алуулах нь алуулж, аваар осолд орох нь орж, үхэх нь үхэж байна. Эрх нь дээд зэргээр зөрчигдөж байгаа. Тэд хэнд ч хандаад нэмэргүй. Хүний нутагт байгаа юм шиг л байдаг. Хилийн цаана монголчуудыг хамгаалдаг юу ч, хэн ч алга. Хятадууд дураараа зоддог, дээрэмддэг, машин тэргийг нь нүддэг, хэмхэлдэг. Өөрсдийн баялгаа гадагшаа гаргаж байгаа мөртлөө ийм их доромжлолыг амсаж байна шүү дээ.
-Урт нэртэй хуулийг авч үлдэхээр та бүхэн нэлээд тэмцэл өрнүүлж байсан санагдаж байна. Энэ хууль хэрэгжиж байна уу?
-Урт нэртэй хуулийг 2015 онд огт байхгүй болгох гэж байхад нь бид өлсгөлөн зарлаж тэмцэлдэж байж авч үлдсэн. Дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулсан байгаа. Тэрнээс болж 1782 лиценз сэргэсэн. Тэгэхээр одоо 1782 ойн сан бүхий гол мөрөн, нуур тойромд алт ухаж байгаа гэсэн үг. Саяхны статистикаар нийт мянга гаруй гол горхи, нуур ус ширгэсэн гэж байна лээ. Нийт газар нутгийн 70-аад хувьд цөлжилт явагдаж байгаа гэнэ. Гэтэл үүнийг 60 сая малтай болж бэлчээрийн даац хэтэрсэн гэж малд, малчдад буруу өгөх гээд байгаа юм. Үгүй, энэ сүйрэл алт ухагчид, модны хулгайчдын оролцоогоор бий болоод байгаа юм.
-Шарын гол, Заамарын асуудал юу болсон бэ?
-Шарын голоос бидэнд хүсэлт ирүүлсний дагуу манай Дарханы салбарынхан очиж ажиллаад шаардах өгч, баримтжуулж ажилласан. Тэгээд энэ асуудал Шарын голд Захиргааны хэргийн шүүхээр ороод ард түмний талд шийдвэр гарсан байна лээ. Эко алтан заамар-ын үйл ажиллагаа бас зогссон. Хууль бус үйл ажиллагаа зогсоод нутаг ус амьсгаа аваад, ард олон нь баярлаж байгаа ийм үйл явдлыг хүмүүс бараг бичдэггүй. Бичих дургүй. Бичлээ гэвэл эд нар дунд нь шоу хийгээд ар дээр нь ингэж тэгэх гэж байгаа гэхчлэн утгагүй юм яриад эхэлдэг.
Олигтой төртэй улс байсан бол тааваараа жаргаж амьдрах боломж бий
-Бас нэг асуудал хөндье. Дээр та хэлсэн, охидын биеийг үнэлүүлдэг талаар. Бас л саяхан нэгэн солонгос эзэнтэй караокед биеэ үнэлэгч монгол охид гээд бичлэг цацагдсан. Тэр бичлэгт гарч байгаагаар цагдаа нэмэлт бүрэлдэхүүн дуудах гэсэн боловч цаанаас нь болиулчих шиг болсон. Тэнд яг юу болсон юм бэ?
-Монгол охид янхан болж дууслаа. Солонгосчууд монгол охидын биеийг үнэлүүлж секс тур хийж байна. Сая хэд хэдэн газрыг ил болголоо. Фэйсбүүкт ч бичлэг тавьлаа. Цагдаа нарыг нь дуудаж өгсөн. Цагдаа нь яаралтай бүрэлдэхүүн дуудах гэж дарга руугаа ярихад дарга нь “наад газраа орхиод гар, зөвшөөрөлтэй газар” гээд загнасан. Харин биднийг Эрүүгийн цагдаагийн газарт дуудаад аль болох бид нарыг буруутгах гэж “та нар тэр охид солонгостой бэлгийн харьцаанд, дарамтанд орж байгааг яг харсан юм уу” гэж байх жишээтэй. 10 гаруй солонгосчууд ирчихсэн, 20-иод охидоос мал, боол шилж авдаг шиг байдалтай болчихсон байхад юу яриад байгаа юм. Тэрийг нь бид ил болгонгуут “эд нар гадны байгууллагуудыг дарамталдаг, хэн ч гадны хүмүүсийн хажууд хэдэн охидыг суулгаад бичлэг хийвэл хийчихнэ” гэх мэт ямар ч утгагүй зүйл ярьдаг. Цагдаагийн алба хаагчийг хүртэл дарга нь дарамталж байна. Ийм байдлаараа бол Монгол Улс 2030 он гэхэд мөхнө. Урт хугацааны лицензүүд,тэгээд энэ асуудал гээд харахаар маш харанхуй нийгэм харагдаж байгаа юм.
-Даяар Монгол, Хас Монгол хөдөлгөөн гээд хятадуудыг дарамталдаг гэх бүлгүүд байдаг. Өөр олон ч байдаг гэсэн. Тэд та нартай хамтарч ажилладаг уу?
-Одоогоор бидэнтэй тийм бүлгээс хамтарч байгаа юм алга. Харин бид төрийн тогтолцоог өөрчлөх зорилгоор нэгдсэн иргэний хөдөлгөөнүүд, нам бус ард түмэнтэй хамтран ажиллаж байна. Энэ ард түмний нэгдэл бол гуравдагч хүчин гэж ойлгож болно.
-Гуравдагч хүчнийхэн “нам”-ын эсрэг нэгдэл гэж ойлголоо. Гэхдээ та бүгдийг бас төрийн сэнтийд санаархаж байна гэж цөөнгүй хүн бодож байгаа байх. “Босоо Хөх Монгол” ТББ-ын Хэнтий аймгийн салбарын тэргүүн 42 дугаар тойрогт нэр дэвшинэ гэдгээ өөрөө мэдээллийн хэрэгслээр зарласан. Таны хувьд ч гэсэн боломж гарвал төрд хүч үзэх үү?
-Монголын амьдралд юу болоод байгааг “Наймаалж” гээд италийн киноноос харчихаж болно. Тиймээс бид байгаа байгаа газар нутгууддаа шударга ёсыг тогтооё, эзэн шиг эзэн байцгаая, хууль бус үйлдэлтэй тэмцье гэж зорьж яваа. Хууль хүчний байгууллагууд бас яахаа алдчихсан юм биш. Хуулиа дээдлээд ард иргэдийнхээ талд шударга ажиллаж байгаа алба хаагч нар бий. Тэд нартайгаа нэгдээд Босоо Хөх Монгол-ын нэрийг мандуулаад тухайн нутагтаа байгуулсан салбар зөвлөл 14 аймаг, 7 дүүрэгт байна. Хэнтийн салбарын тэргүүний хувьд үнэхээр аргаа барсандаа Хэнтий аймгийн Биндэр, Батширээтэд юу болоод байгаа билээ. Их эзэн Чингис хаан нэгэнтээ “Ононгийн хөндий буюу гурван голын сав газар гадныхныг бүү байрлуул. Газраа алдсан хэнийг ч болов нэг биш арвантаа цаазал” гэсэн байдаг. Чингис хаанаа бид үнэхээр шүтэж бишрээд, бахархдаг юм бол ядаж төрсөн нутгийг нь бүрэн бүтэн аваад үлдэх хэрэгтэй биз дээ. Ийм үндсэн дээрээс л нэр дэвшихээр шийдсэн байх.
Миний хувьд улс төрд гаръя гэж бодохоосоо түрүүнд улс төрийг сайжруулж, өөрчлөх нь хамгийн чухал юм. УИХ тараад улс төрд өөрчлөл гарлаа ч заавал би тэр улс төрд гарах гээд байгаа юм биш. Хэрэв ард түмэн намайг сонгоод гаргавал би гарна. Надаас илүү мундаг боловсролтой, эх оронч хүмүүс байгаад гараад ирвэл бид тэр хүмүүсийг дэмжээд явах ёстой. Тэрнээс биш заавал би гарах ёстой гээд хуучин буюу одоогийн парламентын үе шиг байхгүй. Яагаад гэвэл тэр үед одоогийнх шиг дураараа нэр дэвшихгүй. Жишээ нь, багаасаа, сумаасаа, аймгаасаа шигшигдэж сонгогдоод гарч ирсэн тэр хүн л Их хуралдайд төлөөлөгчөөр орж ирэх юм. Хуучнаар Ардын депутат гэдэг шиг. Тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг нутгийн зон олон сайн мэдэх учир сурталчилгаа, мөнгө тараах ямар шаардлага байхгүй болчих юм. Төрд илгээлээ, тэр хүн асуудал гаргавал сонгосон газар нь эгүүлэн татна. Ингэхдээ Их хуралдайн ёс зүйн хороо, эсвэл гэмт хэрэгтэй холбоотой бол хууль шүүхийн байгууллага эгүүлэн татдаг “Үндсэн хууль” буюу “Их цааз”-ыг гаргах гэж байна.
-Эцэст нь цаг үетэй холбоотойгоор багш нар цалин нэмүүлэх шаардлага тавьж ажил хаяж байгаа асуудалд таны байр суурийг сонсъё.
-Олигтой төртэй улс байсан бол Монголын гуравхан сая иргэн энэ их баялаг, 1 сая 564 мянган км талбай газар нутаг дээр 60 малтайгаа тааваараа жаргаж амьдрах боломж бий. Бид гадагшаа гарч боолын хөдөлмөр эрхлэх ёсгүй байх байсан. Өнөөдөр багш нар ажил хаяж байгаа нь зөв. Үнэхээр 300-400 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй юм чинь энэ бол зөв асуудал. Цалингаа нэмүүлье гэж шаардах нь зөв. Гэсэн хэдий боловч энэ дампуу засгаас, дампуу их хурлаас цалин нэхэх биш, ОУВС-гаас хараат болсон засаг төрөөс цалин нэхэх биш, эд нарыг харин зайлуулаад жинхэнэ өөрсдийн хүссэн цалиндаа хүрэх тэр тогтолцоонд хүрэх ёстой гэдэг нь чухал юм.
-Цаг үеийн сэдвээр бидэнтэй ярилцсанд баярлалаа.