Энэ пүрэв гарагт АНУ зэвсэг худалдан авах асуудлаархи хэлэлцээртэй холбогдуулан Хятадын Батлан хамгаалах яам болон Оросын “Рособоронэкспорт” компанийн ажилтнуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын цахим хуудаст байршуулсан баримт бичигт дурьдсан байна. Энэхүү хязгаарлалтын арга хэмжээнд Хятадын Цэргийн төв зөвлөлийн цэргийн байлдааны бэлэн байдал, хангамжийн газар болон тус газрын тэргүүн Ли Шанфу нар орсон бөгөөд уг зөвлөл нь Хятадын зэвсэгт хүчний удирдлагыг хэрэгжүүлдэг бөгөөд түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин шууд удирддаг юм.
Түүнчлэн хориг арга хэмжээний жагсаалтад Оросын тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлдэг “Оборонлогистика” компани, “Сухой” онгоцыг үйлдвэрлэдэг Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэр, цэргийн чиглэлийн үйлдвэрлэлийн хувийн “Вагнер” компани багтжээ. Хятад улс өнгөрсөн жил Оросоос Су-35 сөнөөгч онгоц худалдаж авсан болон мөн энэ оны 1 дүгээр сард С-400 зенитийн пуужийнгийн системийг худалдан авснаас үүдэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авахаар болсон тухай Цагаан ордны төлөөлөгч цохон тэмдэглэжээ. Цагаан ордны төлөөлөгч энэ талаар нэмж хэлэхдээ дээрх хориг арга хэмжээнүүд нь Орос, Хятадын батлан хамгаалахын чадавхийг сулруулахад чиглэгдээгүй бөгөөд Оросын эрх баригчдад чиглэсэн гэдгийг онцолсон байна.