Өнгөрсөн ням гарагийн үдэш Италийн Флоренц хотын захад 21 настай Монгол улсын иргэн оюутан эмэгтэй бусдад зодуулж, хүчирхийлүүлсэн тухай Италийн цагдаагийн газраас даваа гарагт мэдээлжээ.
Италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гэмт этгээд эмэгтэйг цохиж унагаад үснээс нь чирч, мод руу оруулан хүчирхийлсэн байна. Энэ хэрэгт Италийн цагдаа нар даваа гарагт 25 настай, Румын гаралтай, орон гэргүй Арно Мустафа гэгчийг сэжиглэн баривчилсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан уг этгээд хэргийн газарт бичиг баримттай хэтэвчээ орхисон байсан ажээ.
Уг гэмт хэргийн талаар Италийн дотоод хэргийн сайд Маттео Салвини албан ёсны мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр гэмт этгээдийг химийн аргаар хөнгөлдөг шийтгэлтэй болохыг уриалсан байна. Тэрээр “хүчингийн хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд зарим Европын орнуудад хэрэглэдэг шиг химийн аргаар хөнгөлөх шийтгэл оноож, жигшүүлэх ёстой” гэж хэлснийг тус улсын ANSA мэдээллийн агентлаг мэдээлжээ.