УИХ дахь \”Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт намаасаа гарцгааж нэлээд шуугиан дэгдээж орхилоо. Тодруулбал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН руу орохоор болсон бол М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарч АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.
Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хүссэн, хүсээгүй өөрчлөлт орохоор болж байгаа юм. Учир нь дээрх гишүүд бүгд намаасаа гарахаасаа гадна бүлгээсээ гарах өргөдлөө давхар өгч байгаа юм. Тиймээс хуулийн дагуу бүлгийн дарга нь УИХ-ын даргад дээрх гишүүдийнхээ бүлгээс гарах хүсэлтийг нь уламжилснаар албан ёсоор бүлгээс гарах нөхцөл нь бүрддэг хуультай аж. УИХ дахь нам, эвслийн бүлэг найм буюу түүнээс дээш гишүүнтэй байсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь нээгдэх учиртай. Тиймээс дээрх дөрвөн гишүүн бүлгээсээ гарснаар одоо үлдсэн дөрвөн гишүүн нь цаашид бүлгийн зарчмаар ажиллаж чадахгүй болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдоод буй О.Баасанхүү энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулахаар зориг шулууджээ.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд Засгийн газрын хувь заяаг дэнслэх бөгөөд АН-д орох хүсэлтээ гаргасан М.Сономпил, Н.Батцэрэг нарыг засагтаа багтаахаар болжээ. Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээх юм байна. Харин М.Сономпилийг МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгийг өгөхөөр тохирчээ. МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон. Одоогоор АН-аас 35 гишүүн УИХ-д суугаа. Үүн дээр М.Сономпил, Н.Батцэрэг нар нэмэгдээд 37 гишүүн болох бөгөөд ИЗНН-ын хоёр гишүүнтэй хамтарч засгаа эрх зүйн чадамжтай болохоор тохирчээ.
МАХН-ын сайд нарыг засгаас \”хөөж” гарвал гурван квотын зай суларна. М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад тус тус томилно. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ИЗНН-ын дарга С.Оюуныг Шадар сайдад ярьж буй бөгөөд удтал хүлээгдээд буй Эрүүл мэнд, спортын сайдад АН-ынхан дотроосоо хүнээ томилохоор ярилцсан бөгөөд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг тавих уу, С.Ламбааг дэвшүүлэн томилох уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа аж. Гэхдээ эмэгтэй гишүүдээс нэгийг нь томилох хувилбар нь арай илүү дэмжигдэж байгаа гэнэ. Мөн С.Дэмбэрэл гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдад, М.Сономпил гишүүнийг Батлан хамгаалахын сайдад томилохоор эрх баригчид ярилцаад эхэлжээ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com