Казахын ард түмний Керей аймаг, Шыбарайгыр омгоос гаралтай цэргийн жанжин Жанибекийн Хожаберген баатрын мэндэлсний 320 жилийн ой тохиож байгаа аж. Уг ойг тохиолдуулан Хожаберген сангаас түүний морьт хөшөөг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод сүндэрлүүлжээ. Хөшөөний нээлтийн үеэр Хожаберген сангийн гүйцэтгэх захирал А.Хайрат “Хожаберген баатар бол ХVIII зунд амьдарч байсан цэргийн нэрт жанжин. Энэ жил баатрын мэндэлсний 320 жилийн ой тохиож байна. Энэ баатар бол тусгаар тогтнолынхоо төлөө Манж чин гүрний эсрэг тэмцсэн Монголын ард түмний 1755-1758 оны тэмцлийн удирдагчдын нэг Амарсанаагийн дотны найз, түүнтэй хамт Манж Чин Улсын эсрэг тэмцэж байсан хүн. Эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болгож Амарсанаагийн хүүхдийг өргөж авч, ах дүүс болсон түүх бий. Амарсанаа баатрын мэндэлсний 300 жилийн ой энэ жил тохионо. Хоёр ард түмнийг холбосон хос баатрыг алдаршуулах үүднээс энэ жил Хожаберген баатрын морьт хөшөөг босгосон. Дараа жилээс түүний хажууд Амарсанаагийн хөшөөг босгох ажлыг зохион байгуулна. Энэ асуудлаар түүний удмын улсуудтай уулзаж ярилцана. Хоёр хөшөө нийлээд найрамдлын цогцолбор хөшөө болно” гэжээ.
Морьт хөшөөг босгоход нийтдээ 100 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг иргэд, олон нийтийн хандиваар босгосон байна. Баатрын зургийг нь барилгын инженер С.Асылхан, А.Азимбай нар гаргаж, баримлыг Улаанбаатарт “Түмэн хишигтэн” компани хүрлээр цутгажээ.