БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонг тус сургуулийн захирлаар томилсон билээ.
Өмнөх захирал Г.Батбаатарыг захиргааны ноцтой зөрчил удаа дараа гаргасан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тушаалд нь дурдсан байдаг. Гэвч Г.Батбаатар “өөрийг нь эмнэлэгт хэвтэж байх үед ажлын бус цагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” тухай мэдэгдэж, үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүхэд хандаад байсан юм.
Тэгвэл АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Г.Батбаатарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэж үзээд, ажилгүй байх үеийн цалинг гаргуулах шийдвэр гаргасан байна.