Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Тэргүүлэгчдийн 2018 оны 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар, газрыг улсын хэрэгцээнд авах саналыг дэмжих, олон нийтийн цагдаагийн ажлын үр дүн, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай, нийслэлийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах, барилга бүртгэж авах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн орчны эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тэргүүлэгчдийн баталсан 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд 6-35 кВ-ын 4325.1 км, 0.4 кВ-ын 2903.2 км урт цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 ширхэг дэд өртөөнд үзлэг шалгалт хийж, ашиглалтын шаардлага хангахгүй нийт 331 шугам тоноглол байгаагаас 108 шугам тоноглолыг засаж хэвийн ажиллагаанд оруулсан.
Хэрэглэгчийн эзэмшлийн 223 шугам тоноглолыг засаж хэвийн болгох талаар шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэг орчимын аюулгүй байдлыг хангуулахаар замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан нийтдээ 448 метр урт хурд сааруулагч тавьжээ. Сургууль, цэцэрлэгийн 12 барилга дээрх үүрэн холбооны антенныг буулгасан байна.
Тэргүүлэгчид дээрх мэдээллийг сонссоны дараа цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах санал орууллаа. Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэл дээр яамны дэд сайд ирж мэдээлэл өгсөнд талархаж байна. Сургуулийн засварын төсөв 2019 оноос нийслэлд шилжин ирэх юм байна. Боловсролын байгууллагын орчны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, улмаар хэрэг, зөрчил багассан нь 119 дүгээр тогтоолын үр дүн боллоо” гэв.